Засгийн газрын 2017 оны 274 дүгээртогтоолын хавсралт
ЭРЧИМ ХҮЧ ХЭМНЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР
(2018-2022 он)
Нэг.Нийтлэг үндэслэл
Эрчим хүчийг хэмнэж үр ашигтай хэрэглэх нь эдийн засгийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, бүтээгдэхүүн үйлдвэрлэл, ажил, үйлчилгээний бүтээмжийг нэмэгдүүлэх, зүй зохистой хэрэглээг төлөвшүүлэх, ард иргэдийн ая тухтай амьдрах орчныг сайжруулах, байгалийн нөхөн сэргээгдэхгүй нөөцийг ариг гамтай хэрэглэх дэлхий нийтийн чиг хандлагатай нийцэж байгаа юм.
Манай улсын хувьд нийт 1161 МВт-ын суурилагдсан хүчин чадал бүхий 8 дулааны цахилгаан станц дотоодын эрчим хүчний ихэнх хэрэгцээг хангаж байгаа бөгөөд 2016 оны байдлаар эрчим хүчний системийн оргил ачаалал 975 МВт-д хүрч, нийт хэрэглээний 21 хувийг импортоор хангасан нь эрчим хүчний эх үүсвэрийн дутагдалд орох эрсдэл үүсэж болзошгүйг харуулж байна.
Түүнчлэн одоо ашиглагдаж байгаа дулааны цахилгаан станц, дамжуулах, түгээх сүлжээний дийлэнх нь 1960-1980 онд баригдсан, технологи, тоног төхөөрөмжийн хувьд хуучирч насжилт өндөр болсноос гадна дотоод хэрэгцээнд зарцуулж байгаа цахилгаан эрчим хүч дэлхийн дунджаас 1.5 дахин, цахилгаан дамжуулалт, түгээлтийн алдагдал 2 дахин их байгаа нь үр ашиг багатай үйлдвэрлэлийг үе шаттайгаар халж, хэмнэлтийн бодлогыг тууштай хэрэгжүүлэх шаардлагатайг харуулж байна.
Эрчим хүч хэмнэлтийг бий болгоход оролцогч талуудын хүний нөөцийн чадавхыг дээшлүүлж мэргэшүүлэх, эрчим хүчний хэмнэлтийн талаар олон нийтэд чиглэсэн мэдээлэл, сурталчилгааны ажлыг тогтмол зохион байгуулах, барилга байгууламжийн зураг төсөлд эрчим хүчний хэмнэлттэй, ашиглалтын зардал багатай шийдлийг тусгах, барилгын дулаан алдагдлыг бууруулах зэрэг арга хэмжээг цогцоор нь хэрэгжүүлэх шаардлага зүй ёсоор тавигдаж байна.
Иймд дээр дурдсан хэрэгцээ шаардлагыг харгалзан Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.108-д “Эрчим хүчний хэмнэлт, үр ашгийг дээшлүүлэх, алдагдлыг бууруулах, инновацын түвшний шинэ техник, технологи нэвтрүүлэх чиглэлээр тодорхой арга хэмжээ, төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлнэ” гэж заасныг үндэслэн Улсын Их Хурлын 2015 оны 63 дугаар тогтоолоор баталсан “Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлого” болон Эрчим хүчний хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх зорилгоор энэхүү хөтөлбөрийг боловсрууллаа.
Хоёр.Хөтөлбөрийн зорилго
2.1.Хөтөлбөрийн зорилго
Эрчим хүч хэмнэх, үр ашигтай хэрэглэх үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар ханган уялдуулах, инновацид суурилсан эрчим хүчний хэмнэлттэй дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх, хэрэглэх замаар хүлэмжийн хийн ялгарлыг бууруулж, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад энэхүү хөтөлбөрийн зорилго оршино.
Гурав.Хөтөлбөрийн зорилт
3.1.Хөтөлбөрийн зорилгыг хэрэгжүүлэхийн тулд дараах нийтлэг зорилтыг дэвшүүлж байна:
3.1.1.эрчим хүч хэмнэх үйл ажиллагааг зохицуулах эрх зүйн орчныг боловсронгуй болгох;
3.1.2.эрчим хүч хэмнэх үйл ажиллагааны уялдаа холбоог хангасан үр ашигтай хэрэглээг дэмжсэн удирдлага, мэдээллийн системийг хөгжүүлж хэрэгжүүлэх;
3.1.3.эрчим хүч хэмнэлтийн бодлогыг хэрэгжүүлэхэд шаардлагатай хүний нөөцийг бэлтгэх, мэргэшүүлэх;
3.1.4.Эрчим хүч хэмнэлтийн тухай хуулийн дагуу үүрэг хүлээсэн хэрэглэгчийн эрчим хүчний хэрэглээний үр ашгийг нэмэгдүүлэх замаар хэмнэлтийг бий болгох;
3.1.5. эрчим хүчний үйлдвэрлэл, хэрэглээний үр ашгийг сайжруулах замаар хүлэмжийн хийн ялгарлыг бууруулж, Нэгдсэн Үндэстний Байгууллагын уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцийн Парисын хэлэлцээрээр хүлээсэн үүргээ биелүүлэх;
3.1.6.эрчим хүч хэмнэлт, үр ашигтай хэрэглээний талаарх хичээлийг бүх шатны боловсролын байгууллагын сургалтын хөтөлбөрийн агуулгад тусгах, олон нийтэд чиглэсэн мэдлэг, мэдээллийг түгээх замаар эрчим хүчний зохистой хэрэглээг бий болгож төлөвшүүлэх;
3.1.7.нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайд эрчим хүчний хэмнэлттэй технологийг үе шаттайгаар нэвтрүүлэх;
3.1.8.төрийн болон орон нутгийн өмчит байгууллага, бусад төсөвт байгууллагын эрчим хүчний хэрэглээг бууруулах, хэмнэлт гаргах цогц арга хэмжээг хэрэгжүүлэх;
3.1.9.аймаг, нийслэл, сум, дүүрэгт баримтлах эрчим хүч хэмнэлтийн бодлогыг тодорхойлж хэрэгжүүлэх;
3.1.10.эрчим хүчний үйлдвэрлэлийн дотоод хэрэгцээнд зарцуулах эрчим хүч, түлшний хувийн зарцуулалтыг бууруулах;
3.1.11.эрчим хүч дамжуулалт, түгээлтийн үр ашгийг нэмэгдүүлж, цахилгаан болон дулаан түгээлтийн алдагдлыг бууруулах;
3.1.12.эрчим хүч хэрэглэгч талын менежментийг хөгжүүлэх;
3.1.13.эрчим хүч хэмнэлтийг тарифын бодлогоор дэмжих.
3.2.Хөтөлбөрийн зорилгын хүрээнд эрчим хүч хэрэглээний гол салбарууд болох барилга, аж үйлдвэр, тээврийн салбарт хэрэгжүүлэх дараах зорилтыг дэвшүүлж байна:
3.2.1.барилгын салбарт хэрэгжүүлэх зорилт:
3.2.1.1.барилга байгууламжийн эрчим хүчний хэрэглээний түвшинг тодорхойлж, гэрчилгээ олгох;
3.2.1.2.барилга байгууламжийг эрчим хүчний хэмнэлттэй төлөвлөх, хэрэгжилтийг хангуулж, гүйцэтгэлд тавих хяналтын тогтолцоог боловсронгуй болгох.
3.2.2.аж үйлдвэрийн салбарт хэрэгжүүлэх зорилт:
3.2.2.1.аж үйлдвэрийн салбар дахь нэгж бүтээгдэхүүн үйлдвэрлэл, үйлчилгээнд зарцуулах эрчим хүчний зарцуулалтын нормыг тодорхойлж, эрчим хүчний зарцуулалтыг үе шаттайгаар бууруулах;
3.2.2.2.инновацид суурилсан эрчим хүчний хэмнэлттэй дэвшилтэт техник, технологи бүхий үйлдвэрлэл, үйлчилгээг бий болгох.
3.2.3.тээврийн салбарт хэрэгжүүлэх зорилт:
3.2.3.1.байгаль орчинд сөрөг нөлөө багатай, эрчим хүчний нөөцийн үр ашигтай тээврийн хэрэгслийн хэрэглээг дэмжсэн бодлогыг тодорхойлж хэрэгжүүлэх.
Дөрөв.Хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагаа
4.1.”Эрчим хүч хэмнэх үйл ажиллагааг зохицуулах эрх зүйн орчныг боловсронгуй болгох” зорилтын хүрээнд дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
4.1.1.Эрчим хүч хэмнэлтийн хууль тогтоомж болон түүнийг дагаж гарсан зохицуулалтын баримт бичгийг бусад хууль тогтоомжтой уялдуулах, холбогдох стандарт, норм, нормативыг боловсруулан батлуулж, хэрэгжилтийг зохион байгуулах;
4.1.2.эрчим хүчний хэрэглээний ангилал, зэрэглэл тогтоох, шошгожуулах, хяналт тавих журмыг баталж мөрдүүлэх;
4.1.3.эрчим хүчний хэмнэлттэй барилга байгууламж барих, машин, тоног төхөөрөмж, бараа бүтээгдэхүүн, материал үйлдвэрлэх, импортлох болон эрчим хүчний үр ашгийг дээшлүүлж хэмнэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад дэмжлэг үзүүлэх, урамшуулал олгох журмыг баталж мөрдүүлэх;
4.1.4.эрчим хүчний үр ашгийн үйлчилгээ үзүүлэх мэргэжлийн байгууллага, мэргэжлийн үйлчилгээ, үйл ажиллагааг зохицуулсан эрх зүйн орчныг бүрдүүлэх, сайжруулах.
4.2.”Эрчим хүч хэмнэх үйл ажиллагааны уялдаа холбоог хангасан үр ашигтай хэрэглээг дэмжсэн удирдлага, мэдээллийн системийг хөгжүүлж хэрэгжүүлэх” зорилтын хүрээнд дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
4.2.1.эрчим хүч хэмнэлтийг бий болгох, дэмжих чиглэлээр ажиллаж байгаа төрийн болон хувийн хэвшлийн байгууллагын мэдээллийн санг бий болгох, үйл ажиллагааг уялдуулах, тасралтгүй, хэвийн ажиллах нөхцөлийг бүрдүүлэх, сурталчлах;
4.2.2.эрчим хүч хэмнэлт, үр ашигтай хэрэглээний талаар хэрэглэгчдэд зориулсан үндэсний мэдээллийн цахим системийг бий болгож хэрэглээнд нэвтрүүлэх, үйл ажиллагааг нь өргөжүүлэх.
4.3.”Эрчим хүч хэмнэлтийн бодлогыг хэрэгжүүлэхэд шаардлагатай хүний нөөцийг бэлтгэх, мэргэшүүлэх” зорилтын хүрээнд дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
4.3.1.эрчим хүч хэмнэлтийн талаарх сургалтын хөтөлбөрийг боловсруулж, сургагч багш нарыг бэлтгэх, мэргэшүүлэх сургалтад хамруулах;
4.3.2.эрчим хүчний аудитор, эрчим хүч хэмнэлтийн менежерийг бэлтгэх, мэргэшүүлэх үйл ажиллагааг хэрэгжүүлэх;
4.3.3.эрчим хүчний аудитор, эрчим хүч хэмнэлтийн менежер бэлтгэх сургалтын байгууллагыг хөгжүүлж, үйл ажиллагааг нь дэмжих;
4.3.4.эрчим хүчний хэмнэлттэй барилга байгууламжийн зураг төсөл хийх, барьж байгуулах, үйлдвэрлэл үйл ажиллагааны үр ашгийг дээшлүүлэх чиглэлээр холбогдох инженер, техникийн ажилтныг чадавхжуулах.
4.4.”Эрчим хүч хэмнэлтийн тухай хуулийн дагуу үүрэг хүлээсэн хэрэглэгчийн эрчим хүчний хэрэглээний үр ашгийг нэмэгдүүлэх замаар хэмнэлтийг бий болгох” зорилтын хүрээнд дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
4.4.1.эрчим хүчний хэмнэлттэй технологи, бүтээгдэхүүн, үйлдвэрлэл, үйлчилгээ нэвтрүүлэх, нутагшуулахад төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийг хөнгөлөлттэй зээлд хамруулах, гааль, татварын бодлогоор дэмжлэг үзүүлэх асуудлыг судалж холбогдох хууль тогтоомжийн дагуу хэрэгжүүлэх;
4.4.2.эрчим хүч хэмнэх төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх зохицуулалтыг бий болгож, байгаль хамгаалахад чиглэсэн олон улсын байгууллагаас хөрөнгө оруулалт хийх боломжийг судалж, хэрэгжүүлэх.
4.5.”Эрчим хүчний үйлдвэрлэл, хэрэглээний үр ашгийг сайжруулах замаар хүлэмжийн хийн ялгарлыг бууруулж, Нэгдсэн Үндэстний Байгууллагын уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцийн Парисын хэлэлцээрээр хүлээсэн үүргээ биелүүлэх” зорилтын хүрээнд дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
4.5.1.Монгол Улсын эрчим хүчний балансыг тооцох үндэсний аргачлалыг баталж нэвтрүүлэх;
4.5.2.эрчим хүчний үйлдвэрлэл, хэрэглээнээс ялгарч байгаа хүлэмжийн хийг тооцох үндэсний онцлогт тохирсон аргачлалыг олон улсын стандартад нийцүүлэн боловсруулж, үндэсний хэмжээний хүлэмжийн хийн тооллогын системийг бэхжүүлэх;
4.5.3.эрчим хүч хэмнэлтийн үр дүнгээс бий болж байгаа хүлэмжийн хийн бууралтыг хэмжих, тайлагнах, баталгаажуулах үндэсний системийг бүрдүүлж, нэгдсэн мэдээллийн санг хөгжүүлэх.
4.6.”Эрчим хүч хэмнэлт, үр ашигтай хэрэглээний талаарх хичээлийг бүх шатны боловсролын байгууллагын сургалтын хөтөлбөрт тусгах, олон нийтэд чиглэсэн мэдлэг, мэдээллийг түгээх замаар эрчим хүчний зохистой хэрэглээг бий болгож төлөвшүүлэх” зорилтын хүрээнд дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
4.6.1.эрчим хүч хэмнэлтийн үр ашиг, ач холбогдлын талаарх мэдлэгийг иргэд олон нийтэд сурталчлах, мэдээллээр хангах, сургалт зохион байгуулах ажлыг хэрэгжүүлэх, эрчим хүчийг хэмнэх үндэсний өдөртэй болох;
4.6.2.эрчим хүч хэмнэлт, зохистой хэрэглээний чиглэлээр хичээлийг ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрт тусгах арга хэмжээ авах;
4.6.3.эрчим хүчний хэмнэлттэй барилга байгууламж, тоног төхөөрөмж, технологийн үзэсгэлэнгийн төв байгуулж, хэрэглэгчдийг мэдээллээр тасралтгүй хангах нөхцөлийг бүрдүүлэх.
4.7.”Нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайд эрчим хүчний хэмнэлттэй технологийг үе шаттайгаар нэвтрүүлэх” зорилтын хүрээнд дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
4.7.1.гудамж, зам, талбай, нийтийн эзэмшлийн газарт ашиглаж байгаа гэрэлтүүлгийг үе шаттайгаар эрчим хүчний хэмнэлттэй гэрэлтүүлэгт шилжүүлэх;
4.7.2.шинээр барьж байгуулахаар төлөвлөж байгаа гудамж, зам, талбайн гэрэлтүүлэг эрчим хүчний хэмнэлттэй байх шаардлагыг тавьж хэрэгжүүлэх;
4.7.3.технологийн онцлогт хамааралгүй бүх төрлийн улайсах чийдэнгийн хэрэглээг багасгах.
4.8.”Төрийн болон орон нутгийн өмчит байгууллага, бусад төсөвт байгууллагын эрчим хүчний хэрэглээг бууруулах, хэмнэлт гаргах цогц арга хэмжээг хэрэгжүүлэх” зорилтын хүрээнд дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
4.8.1.эрчим хүч хэмнэлтээс бий болсон жилийн урсгал зардлын хэмнэлтийг эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх үйл ажиллагаанд зарцуулах тогтолцоог бүрдүүлэх;
4.8.2.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу худалдан авах бүтээгдэхүүн, бараа, ажил, үйлчилгээ, тоног төхөөрөмжид эрчим хүчний хэмнэлттэй, ашиглалтын хугацааны зардал бага байх шалгуур тавих.
4.9.”Аймаг, нийслэл, сум, дүүрэгт баримтлах эрчим хүч хэмнэлтийн бодлогыг тодорхойлж хэрэгжүүлэх” зорилтын хүрээнд дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
4.9.1.тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн онцлогт тохирсон эрчим хүч хэмнэлтийн талаарх бодлогыг тодорхойлж аймаг, нийслэлийг хөгжүүлэх хэтийн зорилт, аймаг, нийслэлийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд тусган хэрэгжүүлэх;
4.9.2.орон нутгийг хөгжүүлэх сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний тодорхой хувийг эрчим хүчний хэмнэлтийг дэмжсэн арга хэмжээнд зарцуулах.
4.10.”Эрчим хүчний үйлдвэрлэлийн дотоод хэрэгцээнд зарцуулах эрчим хүч, түлшний хувийн зарцуулалтыг бууруулах” зорилтын хүрээнд дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
4.10.1.дулааны цахилгаан станцын технологийн шат дамжлага, тоног төхөөрөмжийн горимын ашиглалтын түвшинг тогтоож, удирдлага, хяналтыг тоон системд үе шаттайгаар шилжүүлэх, үр ашгийг сайжруулах арга хэмжээг хэрэгжүүлэх;
4.10.2.цахилгаан, дулааны эрчим хүч үйлдвэрлэлийн түлшний хувийн зарцуулалтыг бодитоор тооцож бууруулах;
4.10.3. дулааны цахилгаан станцын уур, усны алдагдлыг бууруулах арга хэмжээ авах.
4.11.”Эрчим хүч дамжуулах, түгээх үйлчилгээний үр ашгийг нэмэгдүүлж, цахилгаан болон дулаан түгээлтийн алдагдлыг бууруулах” зорилтын хүрээнд дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
4.11.1.эрчим хүч дамжуулах, түгээх, хангах үйл ажиллагааны удирдлага, хяналт, мэдээллийн системийг тоон системд үе шаттай шилжүүлж, горим зохицуулалтын үр ашигтай тогтолцоог хэрэгжүүлэх;
4.11.2. эрчим хүчний салбарт инноваци, дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх;
4.11.3.нэгдсэн сүлжээний цахилгаан эрчим хүчний болон төвлөрсөн дулаан хангамжийн төлөвлөлт, горим, диспетчерийн нэгдсэн зохицуулалтын эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх.
4.12.”Эрчим хүчний хэрэглэгч талын менежментийг хөгжүүлэх” зорилтын хүрээнд дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
4.12.1.эрчим хүчний нэгдсэн сүлжээний цахилгаан ачааллын хэлбэлзлийг тохируулах техник, эдийн засаг, зохион байгуулалтын арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлэх;
4.12.2.хэрэглэгчийн сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээс үйлдвэрлэсэн цахилгааныг түгээх сүлжээнд нийлүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах эрх зүйн орчныг бүрдүүлэх, хэрэгжүүлэх;
4.12.3.Улаанбаатар хот, Дархан-Уул, Орхон аймгийн төвийн төвлөрсөн дулаан хангамжийн системд холбогдсон орон сууцны барилгын халаалтын системд дулааны тохируулга хийх, хэрэглэгчдийг бүрэн тоолууртай болгох арга хэмжээ авах;
4.12.4.хэрэглэгчид хүргэх эрчим хүчний чанарыг сайжруулах.
4.13.”Эрчим хүчний хэмнэлтийг тарифын бодлогоор дэмжих” зорилтын хүрээнд дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
4.13.1.дулааны эрчим хүчний бодит өртгийг тодорхойлж, тарифын шинэтгэлийг үе шаттайгаар хэрэгжүүлэх;
4.13.2.дулааны эрчим хүчний хэрэглээг барилга байгууламж, орон сууцны эзлэхүүн, талбайгаар, албан байгууллага, айл өрхийн цахилгаан эрчим хүчний хэрэглээг задгайгаар болон хүний тоогоор тооцож байгаа одоогийн тогтолцоог тоолууржуулах замаар бүрэн халах;
4.13.3.эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, хангах, диспетчерийн зохицуулалт хийх үйл ажиллагааны үр ашгийг дээшлүүлж, бодит хэмнэлт гаргасан тохиолдолд урамшуулах тогтолцоог бий болгох;
4.13.4.эрчим хүчний үр ашгийг дээшлүүлж хэмнэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад дэмжлэг үзүүлэх тарифын бодлогыг хэрэгжүүлэх.
4.14.”Барилга байгууламжийн эрчим хүчний хэрэглээний түвшинг тодорхойлж, гэрчилгээ олгох” зорилтын хүрээнд дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
4.14.1.барилга байгууламжийн эрчим хүчний хэрэглээний түвшинг тодорхойлох аргачлал боловсруулах;
4.14.2.эрчим хүчний хэмнэлттэй, ногоон барилгад (пассив барилга) тавигдах үндэсний шаардлагыг тодорхойлж сурталчлах;
4.14.3.эрчим хүчний аудитыг барилгын салбарт үе шаттайгаар хийж эрчим хүчний хэрэглээний түвшинг тодорхойлж, гэрчилгээ, шошго олгох ажлыг зохион байгуулах;
4.14.4.барилгын материал, бүтээгдэхүүний гарал үүслийн тодорхойлолт, лабораторийн дүгнэлтийг үндэслэн шошгожуулах ажлыг хэрэгжүүлэх;
4.14.5.орон сууцны барилгын дулаан алдагдлыг бууруулах, эрчим хүч хэмнэх үйл ажиллагааг дэмжих санхүүгийн хөшүүрэг, ногоон моргейжийн хөтөлбөр бий болгох.
4.15.”Барилга байгууламжийг эрчим хүчний хэмнэлттэй төлөвлөх, хэрэгжилтийг хангуулж, гүйцэтгэлд тавих хяналтын тогтолцоог боловсронгуй болгох” зорилтын хүрээнд дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
4.15.1.барилга байгууламжийн норм, нормативын баримт бичгийг эрчим хүчний хэмнэлттэй болгох чиглэлээр боловсронгуй болгож, олон улсын жишигт нийцүүлэх;
4.15.2.эрчим хүч хэмнэлт, үр ашгийг тодорхойлсон тооцоолол, үзүүлэлт, дүгнэлтийг барилга байгууламж барих явцад тавих хяналт, ашиглалтад хүлээн авах үе шатанд бүрдүүлэх бичиг баримт, материалын бүрдэлд оруулах арга хэмжээ авч, хэрэгжилтийг хангах;
4.15.3.нэн тэргүүнд дулаалах шаардлагатай барилгыг тодорхойлж, дулааны алдагдлыг 20 хувиар бууруулах ажлыг үе шаттай хэрэгжүүлэх.
4.16.”Аж үйлдвэрийн салбар дахь нэгж бүтээгдэхүүн үйлдвэрлэл, үйлчилгээнд зарцуулах эрчим хүчний зарцуулалтын нормыг тодорхойлж, эрчим хүчний зарцуулалтыг үе шаттайгаар бууруулах” зорилтын хүрээнд дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
4.16.1.нэгж бүтээгдэхүүн үйлдвэрлэл, үйлчилгээнд зарцуулах эрчим хүчний зарцуулалтад судалгаа хийж тодорхойлох, нормчлох ажлыг үе шаттай хэрэгжүүлэх;
4.16.2.эрчим хүчний хэмнэлттэй, үр ашигтай технологийг үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлэхэд шаардлагатай зөвлөмж, мэдээллээр үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийг тогтмол хангах.
4.17.”Инновацид суурилсан эрчим хүчний хэмнэлттэй дэвшилтэт техник, технологи бүхий үйлдвэрлэл, үйлчилгээг бий болгох” зорилтын хүрээнд дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
4.17.1.эрчим хүчний хамгийн бага зарцуулалттай тоног төхөөрөмжийг үйлдвэрлэл, үйл ажиллагаанд ашиглах шаардлагыг тодорхойлж нэвтрүүлэх;
4.17.2.эрчим хүчний удирдлагын тогтолцоо MNS ISO-50001:2014 стандартыг үе шаттайгаар нутагшуулах.
4.18.Байгаль орчинд сөрөг нөлөө багатай, эрчим хүчний нөөцийн үр ашигтай тээврийн хэрэгслийн хэрэглээг дэмжсэн бодлогыг тодорхойлж хэрэгжүүлэх” зорилтын хүрээнд дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
4.18.1.автотээвэрт хийн ба хосолмол түлшний хэрэглээг нэмэгдүүлэх, түлш бага зарцуулдаг тээврийн хэрэгслийг бодлогоор дэмжих;
4.18.2.нийтийн зорчигч тээврийн үйлчилгээнд цахилгаан тээврийн оролцоог нэмэгдүүлж, байгаль орчинд сөрөг нөлөө багатай түлшээр ажилладаг тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх.
Тав.Хөтөлбөрийг хэрэгжүүлэх хугацаа
5.1.Хөтөлбөрийг 2018-2022 онд хэрэгжүүлнэ.
Зургаа.Хөтөлбөрийн үр дүн, шалгуур үзүүлэлт
6.1. Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр дараах үр дүнд хүрнэ:
6.1.1.эрчим хүч хэмнэлтийн үйл ажиллагааг зохицуулсан эрх зүйн орчин цогц байдлаар бүрдэнэ.
6.1.2.эрчим хүч хэмнэх талаар хэрэгжүүлж байгаа бодлого, үйл ажиллагааны уялдаа холбоо сайжирсан байна.
6.1.3.эрчим хүчний хэмнэлттэй, байгаль орчинд сөрөг нөлөө багатай дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлэх, үйл ажиллагаандаа ашиглах боломж бүрдсэн байна.
6.1.4.эрчим хүчийг үр ашигтай зарцуулахад чиглэсэн нийтийн боловсролыг дэмжсэн арга хэмжээг хэрэгжих, иргэд, олон нийтэд эрчим хүчийг хэмнэх, зохистой хэрэглэх арга барил төлөвшсөн байна.
6.1.5.эрчим хүчний үйлдвэрлэл, хэрэглээнээс бий болж байгаа байгаль, экологийн бохирдол, хүлэмжийн хийн ялгарал бодитоор буурсан байна.
6.2.Хөтөлбөрийн хэрэгжилтийг дүгнэхдээ 2016 оны жилийн эцсийн үзүүлэлтийг суурь үзүүлэлт болгон ашиглах бөгөөд хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, үр дүнг дараах шалгуур үзүүлэлтээр үнэлнэ:
№ | Шалгуур үзүүлэлт | Нэгж | Суурь түвшин | Зорилтот түвшин |
2016 он | 2022 он |
Эрчим хүчний хэмнэлтийн үйл ажиллагааг зохицуулах эрх зүйн орчныг боловсронгуй болгох |
1 | Эрчим хүчний хэрэглээний ангилал, зэрэглэл тогтоох, шошгожуулах, хяналт тавих журмыг хэрэгжүүлсэн аж ахуйн нэгж, байгууллага | тоо | 0 | 5 |
2 | Эрчим хүчний үр ашгийн үйлчилгээ үзүүлэх мэргэжлийн байгууллага | тоо | 0 | 10 |
3 | Эрчим хүчний аудитын магадлан итгэмжлэгдсэн аж ахуйн нэгж, байгууллага | тоо | 0 | 15 |
4 | MNS ISO-50001:2014 стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн аж ахуйн нэгж, байгууллага | тоо | 0 | 70 |
5 | MNS ISO-50001:2014 стандартыг бүрэн хэрэгжүүлж батламжлагдсан аж ахуйн нэгж, байгууллага | тоо | 0 | 5 |
Эрчим хүчний хэмнэлтийн бодлогыг хэрэгжүүлэхэд шаардлагатай хүний нөөцийг бэлтгэх, мэргэшүүлэх |
6 | Эрчим хүч хэмнэлтийн сургалтын хөтөлбөрийн хүрээнд хичээл заах мэргэшсэн багш | тоо | 56 | 100 |
7 | Эрх бүхий эрчим хүчний аудитор, эрчим хүч хэмнэлтийн менежер | тоо | Аудитор-0 Менежер-23 | Аудитор-100 Менежер-200 |
8 | Эрчим хүчний хэмнэлттэй барилгыг төлөвлөх, гүйцэтгэх чиглэлээр мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдсан инженер, техникийн ажилтан | тоо | 0 | 60 |
9 | Эрчим хүчний үйлдвэрлэл, дамжуулалт, түгээлтийн үр ашгийг дээшлүүлэх чиглэлээр сургалтад хамрагдсан инженер, техникийн ажилтан | тоо | 0 | 60 |
10 | Эрчим хүч хэмнэлтийн мэргэжилтэн бэлтгэх сургалтын байгууллага | тоо | 1 | 3 |
Үүрэг хүлээсэн хэрэглэгчдийн эрчим хүчний хэрэглээг 10-аас доошгүй хувиар бууруулах |
11 | Засгийн газраас тогтоосон босго хэмжээнээс давсан хэрэглээ бүхий үүрэг хүлээсэн хэрэглэгчдийн эрчим хүчний хэрэглээний бууралт | хувь | 0 | 10 |
12 | Эрчим хүчний аудит хийлгэсэн аж ахуйн нэгж, байгууллага | тоо | 0 | 127 |
Эрчим хүчний үйлдвэрлэлийн техник, эдийн засгийн үзүүлэлтийг дээшлүүлэх |
13 | Эрчим хүчний үйлдвэрлэлийн дотоод хэрэгцээний цахилгаан эрчим хүчний бууралт | хувь | 13.87 | 11.87 |
14 | Нэгж цахилгаан үйлдвэрлэхэд ногдох жишмэл түлшний хувийн зарцуулалтын бууралт | Гр/кВт.ц | 312.5 | 305.5 |
15 | Нэгж дулаан үйлдвэрлэхэд ногдох жишмэл түлшний хувийн зарцуулалтын бууралт | Кг/Гкал | 175.9 | 170 |
Эрчим хүч дамжуулалт, түгээлтийн техник, эдийн засгийн үзүүлэлтийг дээшлүүлэх |
16 | Цахилгаан дамжуулалт, түгээлтийн алдагдлын бууралт | хувь | 15.7 | 13.7 |
17 | Улаанбаатар хотын дулаан түгээлтийн алдагдлын бууралт | хувь | 13.3 | 12.3 |
Эрчим хүч хэрэглэгч талын менежментийг хөгжүүлэх |
18 | Улаанбаатар хот, Дархан-Уул, Орхон аймгийн төвийн төвлөрсөн дулаан хангамжийн системд холбогдсон орон сууцны барилгын тоолууржуулалт | хувь | | 50 |
19 | Системийн цахилгаан тасалдлын дундаж хугацааны индекс | Цаг | 54 | 44 |
20 | Эрчим хүчний хэмнэлтийг дэмжсэн тарифын бодлого | - | Бодит өртөгт хүрээгүй | Бодит өртөгт хүрч, хэмнэлтийг дэмжсэн тарифын зохицуулалт хэрэгжсэн байна |
21 | Барилгын эрчим хүчний хэрэглээний гэрчилгээ, шогшо авсан барилга байгууламж | тоо | 0 | 50 |
22 | Шошгожсон барилгын материал үйлдвэрлэгч аж ахуйн нэгж, байгууллага | тоо | 0 | 50 |
Тээврийн салбарт байгаль орчинд сөрөг нөлөө багатай, эрчим хүчний нөөцийн үр ашигтай тээврийн хэрэглээг дэмжсэн бодлогыг тодорхойлж, хэрэгжүүлэх |
23 | Хийн хөдөлгүүртэй автотээврийн хэрэгсэл | хувь | 1,73 | 2,3 |
24 | Хосолмол хөдөлгүүртэй автотээврийн хэрэгсэл | хувь | 11,56 | 21 |
Эрчим хүч хэмнэх, үр ашигтай зарцуулахад чиглэсэн мэдлэг, мэдээллийг түгээх, эрчим хүчний зохистой хэрэглээг бий болгох |
25 | Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад эрчим хүч хэмнэлтийн хичээл заах сургагч багш, арга зүйч | тоо | 0 | 100 |
26 | Эрчим хүчний хэмнэлттэй барилга, тоног төхөөрөмж, технологийн үзэсгэлэнгийн төв | тоо | 0 | 2 |
Нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайн гэрэлтүүлгийг эрчим хүчний хэмнэлттэй гэрэлтүүлэгт шилжүүлсэн байх хувь хэмжээг нэмэгдүүлэх |
27 | Эрчим хүчний хэмнэлттэй гэрэлтүүлэг бүхий гудамж, зам талбай | хувь | - | 80 |
Орон нутгийн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжид эрчим хүч хэмнэлтийн бодлогыг хэрэгжүүлэх |
28 | Аймаг, нийслэл, орон нутгийн засаг захиргааны нэгжийн эрчим хүч хэмнэлтийн бодлого | - | - | эрчим хүч хэмнэлт-ийн талаар 21 аймаг, нийслэлийг хөгжүүлэх хэтийн зорилт, хөгжлийн дунд хугацааны бодлогод тусгасан байх |
29 | Орон нутгийг хөгжүүлэх сангаас эрчим хүч хэмнэлтийн арга хэмжээнд зарцуулах хөрөнгө оруулалтын эзлэх хэмжээ | хувь | 0 | Жил бүр 5 |
Улсын хэмжээнд эрчим хүч хэмнэлтийн чиглэлээр авч хэрэгжүүлсэн үйл ажиллагааны нэгдсэн дүн |
30 | Хөтөлбөрийн хүрээнд бууруулсан CO2 хэмжээ | сая тонн | 0 | 0,6 |
| | | | | |
Долоо.Хөтөлбөрийн санхүүжилтийн эх үүсвэр, шаардагдах хөрөнгө
7.1. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг дараах эх үүсвэрээс санхүүжүүлнэ:
7.1.1. улсын болон орон нутгийн төсөв;
7.1.2.олон улсын байгууллага, хандивлагч орны зээл, тусламж, төсөл, хөтөлбөрийн санхүүжилт;
7.1.3. аж ахуйн нэгж, байгууллагын хөрөнгө;
7.1.4. банк, санхүүгийн байгууллагын хөнгөлөлттэй зээл;
7.1.5. олон улсын байгаль хамгаалах сангийн санхүүжилт, хөрөнгө оруулалт;
7.1.6.бусад эх үүсвэр.
Найм.Хөтөлбөрийн удирдлага, зохион байгуулалт
8.1.Хөтөлбөрийн хэрэгжилтийг үндэсний хэмжээнд зохион байгуулах, салбар дундын бодлого, үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, нэгдсэн удирдлагаар хангах, хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх чиг үүргийг Эрчим хүч хэмнэлтийн зөвлөл хариуцан гүйцэтгэнэ.
8.2.Орон нутгийн хэмжээнд хөтөлбөрийн хэрэгжилтийг зохион байгуулах, хэрэгжилтэд хяналт тавих ажлыг бүх шатны Засаг дарга, Орон нутгийн зохицуулах зөвлөл, Эрчим хүч хэмнэлтийн зөвлөлтэй хамтран гүйцэтгэнэ.
Ес.Хөтөлбөрийн хэрэгжилтийн хяналт-шинжилгээ, үнэлгээ
9.1.Хөтөлбөрийн хэрэгжилтийн явцын хяналт-шинжилгээг Эрчим хүч хэмнэлтийн зөвлөл мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагын төлөөлөлтэй хамтран жил бүр хийнэ.
9.2.Орон нутгийн хэмжээнд хөтөлбөрийн хэрэгжилтийн явцын хяналт-шинжилгээ, үнэлгээг бүх шатны Засаг дарга, Орон нутгийн зохицуулах зөвлөл, Эрчим хүч хэмнэлтийн зөвлөлтэй хамтран гүйцэтгэж тайлангаа Эрчим хүч хэмнэлтийн зөвлөлд хүргүүлнэ.
9.3.Эрчим хүч хэмнэлтийн зөвлөл хөтөлбөрийн хэрэгжилтийн тайланг жил бүрийн эхний I улиралд багтаан Засгийн газарт танилцуулна.
9.4.Хөтөлбөрийн явцын хяналт-шинжилгээ, үнэлгээний дүгнэлт, зөвлөмжийг үндэслэн хөтөлбөрийн үйл ажиллагааны төлөвлөгөө, шалгуур үзүүлэлтэд холбогдох хууль, журамд заасны дагуу нэмэлт, өөрчлөлт оруулж болно.
-----oОo-----