Засгийн газрын 2018 оны 325 дугаар
тогтоолын хавсралт
ТӨРӨӨС ЭРЧИМ ХҮЧНИЙ ТАЛААР БАРИМТЛАХ БОДЛОГЫГ
ХЭРЭГЖҮҮЛЭХ ДУНД ХУГАЦААНЫ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР
(2018-2023)
Нэг. Нийтлэг үндэслэл
Монгол Улсын Их Хурлын 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 63 дугаар тогтоолоор батлагдсан “Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлого”-д дэвшүүлсэн зорилго, зорилтыг 2018-2023 онд хэрэгжүүлэх арга хэмжээг энэхүү хөтөлбөрт тодорхойлсон болно.
Үндэсний хөтөлбөрийг Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, жил бүрийн улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, улсын төсөв, хөрөнгө оруулалтын хөтөлбөр, зээл, төр, хувийн хэвшлийн түншлэлийн бодлогод тусган хэрэгжүүлнэ.
Хоёр. Хөтөлбөрийн бүтэц, зохион байгуулалт
Дунд хугацааны үндэсний хөтөлбөр нь Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлогын стратегийн зорилго, зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд авах арга хэмжээ, шаардагдах төсөв, санхүүгийн тооцоолол, санхүүжилтийн эх үүсвэр, хөтөлбөрийн үр дүнг үнэлэх шалгуур үзүүлэлтээс бүрдэнэ.
Гурав. Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлогын стратегийн
зорилго, зорилтыг, хэрэгжүүлэх арга хэмжээ
Стратегийн нэгдүгээр зорилго буюу эрчим хүчний найдвартай хангамж, аюулгүй байдлыг хангах хүрээнд дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:
3.1. Анхдагч эрчим хүч, түлшний хангамжийн аюулгүйн нөөцийг бүрдүүлэх зорилтын хүрээнд:
3.1.1. Багануурын нүүрсний уурхайн олборлолтын хүчин чадлыг 8-10 сая тоннд хүргэх, Шивээ-Овоогийн нүүрсний уурхайн найдвартай ажиллагааг дээшлүүлэх, техник, технологийн шинэчлэлтийг санхүүжүүлэхэд төрөөс дэмжлэг үзүүлэх;
3.1.2. эрчим хүчний эх үүсвэрүүдийн нүүрсний хэрэгцээг хувийн хэвшлийн уурхайгаас хангах боломжийг нэмэгдүүлэх;
3.1.3. нүүрсний ордуудад давхаргын метан хийн нарийвчилсан судалгааг хийж, ашиглах боломжтой нөөцийг тогтоох;
3.1.4. шатдаг занарын нөөцийг эрчим хүчний зориулалтаар ашиглах судалгаа хийх;
3.1.5. Метан хийн хангамжийн норм, дүрэм, стандарт боловсруулах.
3.2. Эрчим хүчний дотоодын хэрэгцээг бүрэн хангах эх үүсвэрийн чадлын нөөцийг бий болгох зорилтын хүрээнд:
3.2.1. Дарханы дулааны цахилгаан станцын хүчин чадлыг 35 МВт-аар өргөтгөх;
3.2.2. Улаанбаатар хотын дулааны 4 дүгээр цахилгаан станцын турбингенератор (№1-4)-ийг шинэчлэх;
3.2.3. Эрдэнэтийн дулааны цахилгаан станцын хүчин чадлыг 35 МВт аар өргөтгөх;
3.2.4. Чойбалсангийн дулааны цахилгаан станцын хүчин чадлыг 50 МВт-аар өргөтгөх;
3.2.5. Улаанбаатар хотын дулааны 3 дугаар цахилгаан станцын өндөр даралтын хэсгийн суурилагдсан хүчин чадлыг 75 МВт-аар нэмэгдүүлэх;
3.2.6. Улаанбаатар хотын Амгалангийн дулааны станцыг 50 МВт-ын дулаан, цахилгаан хослон үйлдвэрлэх станц болгон өргөтгөх;
3.2.7. Улаанбаатар хотын дулааны 3 дугаар цахилгаан станцад 250 МВт-ын өргөтгөл, шинэчлэл хийх;
3.2.8. Улаанбаатар хотын дулааны 2 дугаар цахилгаан станцын хүчин чадлыг 300 МВт (1 агрегат нь тохируулгын горимд ажиллах хийн генератор бүхий)- аар өргөтгөх ажлыг эхлүүлэх;
3.2.9. Тавантолгойн нүүрсний ордыг түшиглэн Оюутолгойн эрчим хүчийг дотоодоос хангах дулааны цахилгаан станц барих;
3.2.10. Төвийн бүсийн эрчим хүчний хэрэглээний өсөлтийг хангах зорилгоор Багануурын 700 МВт, Бөөрөлжүүтийн 300 МВт-ын хүчин чадал бүхий дулааны цахилгаан станцуудын төслийг нэгдсэн системийн тогтвортой, найдвартай ажиллагааг хангах техник, технологийн шийдлийг гарган эхлүүлэх.
3.2.11. Алтай-Улиастайн эрчим хүчний системд 100 МВт-аас доошгүй хүчин чадалтай эх үүсвэр барих ажлыг эхлүүлэх;
3.2.12. Баруун бүсийн таван аймгийн нүүрсний ордуудыг түшиглэн дулааны цахилгаан станцыг барих ажлыг эхлүүлэх.
3.3. Эрчим хүчний нэгдсэн системийн цахилгааны ачааллын хэлбэлзлийг тохируулж, хэвийн найдвартай ажиллагааг хангах тохируулгын эх үүсвэрийг бий болгох зорилтын хүрээнд:
3.3.1. Эгийн голын 315 МВт-ын хүчин чадал бүхий усан цахилгаан станцын ажлыг эхлүүлэх;
3.3.2. тохируулгын горимд ажиллах том чадлын цэнэг хураагуур, усан цэнэгт цахилгаан станц барих боломжийг судалж, техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах;
3.3.3. бага болон дунд чадлын байнгын ажиллагаатай усан цахилгаан станцын төслийн судалгаа хийх, оновчтой байршлыг тогтоож, хэрэгжүүлэх.
3.4. Хот, суурин газрын дулаан хангамжийн чанар, хүртээмжийг сайжруулах, дулаан хангамжийн дэд бүтцийг хөгжүүлэх зорилтын хүрээнд:
3.4.1. Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Говьсүмбэр, Дундговь, Завхан, Өвөрхангай, Хэнтий, Сүхбаатар, Төв аймгуудын төв болон томоохон суурин газруудад дулааны станц, дулааны шугам сүлжээ барих, түлшний хангамжийг шийдвэрлэх;
3.4.2. Улаанбаатар хотын гэр хорооллын барилгажилттай уялдуулан алслагдсан дүүргүүдэд хэсэгчилсэн дулаан хангамжийн систем байгуулах төслийг үе шаттайгаар эхлүүлэх;
3.4.3. Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн системд оргил ачааллын горимд ажиллах эх үүсвэр, дулаан хуримтлуурыг ашиглах судалгаа хийх, төслийн бэлтгэл ажлыг хангах;
3.4.4. Хот, суурин газрын дулааны шугам сүлжээний өргөтгөл шинэчлэл хийх.
3.5. Бүс нутгийн эрчим хүчний системийг дамжуулах чадал өндөр цахилгаан дамжуулах шугамаар холбож, эрчим хүчний нэгдсэн систем байгуулах зорилтын хүрээнд:
3.5.1. Улаанбаатар-Мандалговийн 330 кВ-ын овортой 2 хэлхээт 260 км цахилгаан дамжуулах агаарын шугам, 220 кВ-ын дэд станц барих;
3.5.2. Чойр 220 кВ-ын дэд станцыг иж бүрэн өргөтгөн, шинэчлэх;
3.5.3. Чойр-Сайншанд-Замын-Үүдийн 220 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц барих ажлыг эхлүүлэх;
3.5.4. Багануур дэд станцыг Улаанбаатар дэд станцтай холбох 220 кВ-ын 2 хэлхээт 118 км цахилгаан дамжуулах агаарын шугам барих, дэд станцуудыг өргөтгөх ажлыг эхлүүлэх;
3.5.5. Тайширын УЦС-аас Есөнбулаг сум хүртэл 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц барих;
3.5.6. Багануур-Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 220 кВ-ын 2 хэлхээт 518 км цахилгаан дамжуулах агаарын шугам барих, 220 кВ-ын дэд станцыг өргөтгөх ажлыг эхлүүлэх;
3.5.7. Багануур дэд станцаас Чойр хүртэл 220 кВ-ын 2 хэлхээт 178 км цахилгаан дамжуулах агаарын шугам барих, Багануур дэд станцыг өргөтгөх;
3.5.8. Улиастай-Дөргөн-Мянгадын 220 кВ-ын 2 хэлхээт 380 км цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц барих ажлын судалгааг хийх, ажлыг эхлүүлэх;
3.5.9. Улаанбаатар-Улиастайн хэт өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцыг барих судалгааны ажлыг хийх.
3.6. Цахилгаан, дулаан дамжуулах, түгээх сүлжээний тасралтгүй, найдвартай ажиллагааг дээшлүүлэх, хэрэглэгчид хүргэх эрчим хүчний чанарыг сайжруулах зорилтын хүрээнд:
3.6.1. ашигласан хугацаа өндөртэй шугам сүлжээ, тоног төхөөрөмжийг олон улсын стандартад нийцүүлэн шинэчлэх, шинэ техник, технологи нэвтрүүлэх ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлэх;
3.6.2. цахилгаан түгээх сүлжээнд оношилгоонд суурилсан засвар, үйлчилгээг нэвтрүүлэх, өндөр хүчдэлийн туршилтын иж бүрэн лабораторитой болох;
3.6.3. Улаанбаатар хотод шинээр баригдаж буй орон сууцны хороололд цахилгаан түгээх сүлжээний шинэ хүчдэлийн түвшин нэвтрүүлэх, хотын 6 кВ-ын түгээх сүлжээний хүчдэлийн түвшинг дээшлүүлж алдагдлыг үе шаттайгаар бууруулах;
3.6.4. Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах хүрээнд гэр хорооллын айл өрхүүдэд 4.0 кВт-ын цахилгаан халаагуур тавих техникийн боломжийг бүрдүүлэх ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлэх;
3.6.5. түгээх сүлжээний дунд хүчдэлийн тусгаарлагдсан саармагжилтыг өөрчилж газардсан саармагжилтын горимд шилжүүлэх ажлыг судалгаанд тулгуурлан үе шаттайгаар хэрэгжүүлж шугам, тоноглолын аюулгүй ажиллагаа, найдвартай байдлыг нэмэгдүүлэх;
3.6.6. хот суурин газрын шинэ суурьшлын бүсийн эрчим хүчний хангамжийг төлөвлөлтийн дагуу урьдчилан шийдвэрлэх, төвлөрсөн эрчим хүчинд холбогдоогүй гэр хорооллын хэрэглэгчдийг үе шаттайгаар холбох.
Стратегийн хоёрдугаар зорилго буюу бүс нутгийн орнуудтай эрчим хүчний харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх хүрээнд дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:
3.7. Хөрш орнуудтай эрчим хүч импортлох, экспортлох урт хугацааны харилцан ашигтай гэрээ байгуулж, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилтын хүрээнд:
3.7.1. Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хоорондын эрчим хүчний салбарт хамтран ажиллах хэлэлцээр байгуулах;
3.7.2. Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын эрчим хүчний хамтын ажиллагааны гэрээ байгуулах;
3.7.3. Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын хооронд Эдийн засгийн коридор байгуулах санаачлагын хүрээнд эрчим хүч, хийн хоолойн транзит дэд бүтцийг хөгжүүлэх чиглэлд хөрш орнуудтай хамтран ажиллах;
3.7.4. Шивээ-Овоогийн хүрэн нүүрсний ордыг түшиглэн уурхайн өргөтгөл, 5280 МВт-ын чадал бүхий цахилгаан станц, 660 кВ-ын тогтмол гүйдлийн цахилгаан дамжуулах шугам барьж эрчим хүч экспортлох гэрээ байгуулах, төслийг эхлүүлэх.
3.8. Олон улсын байгууллага, бүс нутгийн орнуудын эрчим хүчний хамтын ажиллагааны санал санаачилгад идэвхтэй оролцох, хамтран ажиллах зорилтын хүрээнд:
3.8.1. Төв Азийн бүсийн эдийн засгийн хамтын ажиллагаа, Их түмэн санаачилга, Эрчим хүчний Харти, Нэг зам нэг бүс, Зүүн хойд Азийн эрчим хүчний нэгдсэн сүлжээ байгуулах зэрэг олон улсын санаачилга, бүс нутгийн хамтын ажиллагаанд идэвхтэй оролцох.
3.9. Монгол орны говийн бүсийн нар, салхины арвин нөөцөд тулгуурлан том чадлын сэргээгдэх эрчим хүчний цогцолбороос Зүүн хойд Азийн орнуудад цахилгаан экспортлох Гобитек-Азийн нэгдсэн сүлжээ санаачилгыг хэрэгжүүлэхэд бүс нутгийн орнуудтай хамтран ажиллах зорилтын хүрээнд:
3.9.1. олон улсын банк санхүүгийн байгууллагууд, бүс нутгийн орнуудтай хамтран Гобитек-Азийн эрчим хүчний нэгдсэн сүлжээний санаачилгын суурь судалгааг хийх;
3.9.2. Азийн супер сүлжээ-Улаанбаатарын яриа хэлэлцээр санаачилгыг олон улсын хамтын ажиллагааны механизм болгоход бүс нутгийн орнууд, олон улсын байгууллагуудтай хамтран ажиллах.
3.10. Эрчим хүчний чиглэлээр олон улсын санхүүгийн байгууллага, хандивлагч орнуудтай хамтын ажиллагааг бэхжүүлэх, хөрөнгө оруулалтыг татах зорилтын хүрээнд:
3.10.1. Дэлхийн Банктай хамтран Багануур зүүн өмнөд бүс, Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээний алдагдал бууруулах төслийг хэрэгжүүлэх;
3.10.2. Германы Сэргээн Босголт Хөгжлийн Банктай хамтран Төвийн бүсийн цахилгаан дамжуулах сүлжээний өргөтгөл шинэчлэлийн төслүүдийг хэрэгжүүлэх;
3.10.3. Дэлхийн банк, Европын сэргээн босголт хөгжлийн банктай хамтран Улаанбаатарын дулаан хангамжийн үр ашгийг дээшлүүлэх төслийг хэрэгжүүлэх;
3.10.4. Уур амьсгалын хөрөнгө оруулалтын сангийн бага орлоготой орнуудад сэргээгдэх эрчим хүчийг дэлгэрүүлэх хөтөлбөрийн хүрээнд сэргээгдэх эрчим хүчний төслийг хэрэгжүүлэх;
3.10.5. Азийн хөгжлийн банктай хамтран том чадлын 100 МВт-ын цэнэг хураагуурыг барьж эрчим хүчний нэгдсэн системд холбох төслийг эхлүүлэх;
3.10.6. Дэлхийн банктай хамтран эрчим хүчний хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулах.
Стратегийн гуравдугаар зорилго буюу эрчим хүчний салбарын хүний нөөцийг хөгжүүлэх, чадавхыг сайжруулах хүрээнд дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:
3.11. Эрчим хүчний инженер-техникийн ажилтан бэлтгэх дотоодын сургалтын байгууллагын сургалтын чанарыг сайжруулах, салбарын инженер-техникийн ажилтан, менежерийн чадамжийг олон улсын түвшинд хүргэх зорилтын хүрээнд:
3.11.1. шинээр барих эх үүсвэрийн мега төслүүдэд ажиллах боловсон хүчнийг бэлтгэх асуудлыг төслийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусгаж дотоодын сургалт үйлдвэрлэлийн төвүүдийг хөгжүүлэх үйл ажиллагаатай уялдуулах;
3.11.2. эрчим хүчний сургалт үйлдвэрлэлийн цогцолборын багш нарыг мэргэжил дээшлүүлэх, сургалтын лабораториудыг шинэчлэх төслийг олон улсын санхүүгийн байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх;
3.11.3. эрчим хүчний мэргэжилтэн бэлтгэх дотоодын сургалтын байгууллагуудын сургалтын үйл ажиллагааг салбарын үйлдвэр компаниудын нөөц боломжтой уялдуулах, үйлдвэрүүдийн мэргэшсэн инженерүүдийг сургалтын үйл ажиллагаанд оролцуулж практик сургалтын системийг сайжруулах;
3.11.4. дэлхийн тэргүүлэх их дээд сургуулиудад эрчим хүчний инженер, судлаач эрдэмтэд бэлтгэхэд төрөөс дэмжих.
3.12. Эрчим хүчний эдийн засаг, үйлдвэрлэл, туршилт, тохируулгын судалгаа, хөгжлийн үндэсний хүрээлэнг хөгжүүлэх, чадавхыг бэхжүүлэх зорилтын хүрээнд:
3.12.1. Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэнгийн салбарт шаардлагатай судалгааны ажлууд, олон улсын жишигт нийцсэн стандарт, нормативын баримт бичиг боловсруулахад төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх, хүний нөөцийг чадваржуулах, мэргэшүүлэх;
3.12.2. эрчим хүчний судалгаа шинжилгээний лабораторийн хэмжилт, туршилт, тохируулгын тоног төхөөрөмжийг шинэчлэх, салбарын судалгаа, хөгжлийн мэдээлэл, лавлагааны сан бүрдүүлэх.
3.13. Эрчим хүчний салбарын хүний нөөцийн балансыг зохистой түвшинд хадгалан удирдлагын бүх түвшинд мэргэжлийн боловсон хүчний шаталсан байршуулалтын тогтолцоог мөрдөх зорилтын хүрээнд:
3.13.1. эрчим хүчний үйлдвэр, компаниудад боловсон хүчнийг тогтвор суурьшилтай ажиллуулах, урамшууллын механизмыг сайжруулах;
3.13.2. эрчим хүчний инженер техникийн ажилтнуудын ур чадварыг нэмэгдүүлэх, мэргэжлийн мэдлэг боловсролыг дээшлүүлэхэд тухайн компанийн жилийн цалингийн зардлын нэгээс доошгүй хувийг зарцуулж байх;
3.13.3. эрчим хүчний үйлдвэр компаниудын удирдлагын бүх түвшинд шаталсан механизмыг хэрэгжүүлэх тогтолцоог бүрдүүлэх.
Стратегийн дөрөвдүгээр зорилго буюу эрчим хүчний салбарыг хувийн хэвшилд суурилсан, зохицуулалттай, өрсөлдөөнт зах зээлийн тогтолцоонд шилжүүлэх хүрээнд дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:
3.14. Бодит өртөг, ашгийн зохих түвшинг хангасан, үнэ тарифын тогтолцоог бий болгож, салбарын санхүүгийн тогтвортой байдлыг хангах зорилтын хүрээнд:
3.14.1. цахилгаан, дулааны үнэ тарифын тогтолцоог олон улсын жишигт нийцүүлэн боловсронгуй болгож, тарифыг улирал тутам индексжүүлэх;
3.14.2. эрчим хүчний нүүрсний уурхайнуудын нүүрсний үнийг бодит өртөг ашгийн зохих түвшинд үе шаттайгаар хүргэж, индексжүүлэх.
3.15. Эрчим хүчний салбарын хөрөнгө оруулалтын тогтвортой байдлыг хангаж, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх зорилтын хүрээнд:
3.15.1. төрийн өмчийг хувьчлах үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх;
3.15.2. бие даасан эрчим хүч үйлдвэрлэгчдэд тавигдах нөхцөл, шаардлагыг тодорхойлон нэгдсэн сүлжээнд эрчим хүч нийлүүлэх зохицуулалтыг бий болгох;
3.15.3. импортыг орлох эрчим хүчний тоног төхөөрөмж, бараа материалын дотоодын үйлдвэрлэлийг татварын бодлогоор дэмжих.
3.16. Эрчим хүчний салбарыг зохицуулалттай, өрсөлдөөнт зах зээлийн зарчмаар хөгжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилтын хүрээнд:
3.16.1. төвийн бүсийн цахилгааны Нэг худалдан авагчтай зах зээлийн загвараас Үйлдвэрлэгч, хангагчийн хоорондын өрсөлдөөнт зах зээлийн загварт шилжих урьтал нөхцөлийг бүрдүүлэх, эрх зүйн орчныг сайжруулах;
3.16.2. эрчим хүчээр хангах тусгай зөвшөөрөл эзэмшигчийг бие даасан хуулийн этгээд болгон ажиллуулах, тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн хооронд өрсөлдөөний хэлбэрээр ажиллах эрх зүйн орчныг бүрдүүлэх бэлтгэл ажлыг хангах;
3.16.3. системийн арилжааны операторын үйл ажиллагааг хөгжүүлэх, эрчим хүчний биржийг ажиллуулах судалгаа хийх.
Стратегийн тавдугаар зорилго буюу эрчим хүчний салбарт инноваци, дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх, үр ашгийг дээшлүүлэх, хэмнэлтийн бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:
3.17. Эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, хангах үйл ажиллагааны удирдлага, хяналт, мэдээллийн системийг тоон системд бүрэн шилжүүлж нэгдсэн ухаалаг сүлжээг бий болгох зорилтын хүрээнд:
3.17.1. төвийн бүсийн цахилгаан дамжуулах сүлжээний мэдээлэл, хяналтын системийг өргөжүүлэх, дэд станцуудын алсын удирдлагад тоон системийг нэвтрүүлэх ажлыг эхлүүлэх;
3.17.2. Улаанбаатар хот болон орон нутгийн цахилгаан түгээх сүлжээнд удирдлага, хяналт, мэдээллийн системийг нэвтрүүлэх;
3.17.3. Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн системийн мэдээлэл, хяналтын системийн хүрээг өргөжүүлэх;
3.17.4. эрчим хүч үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд эрчим хүчний менежментийн систем нэвтрүүлэх талаар судалгаа хийх.
3.18. Эрчим хүчний салбарт инноваци, дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх зорилтын хүрээнд:
3.18.1. эрчим хүчний салбарт инновацийн дэд хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлэх;
3.18.2. эрчим хүчний салбарын шинжлэх ухаан, инновацийн технологийн судалгааны чадамжийг бэхжүүлж, шинэ бүтээл, инноваци, дэвшилтэт технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх үйл ажиллагааг дэмжих, урамшуулах тогтолцоог бүрдүүлэх.
3.19. Эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээх сүлжээн дэх алдагдлыг бууруулах зорилтын хүрээнд:
3.19.1. нэгдсэн сүлжээний болон төвлөрсөн дулаан хангамжийн төлөвлөлт, горим, диспетчерийн нэгдсэн зохицуулалтын эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх;
3.19.2. дулааны шугам хоолойд дулаалгын үр ашиг өндөртэй шинэ технологи нэвтрүүлэх, цахилгаан түгээх сүлжээн дэх техникийн болон арилжааны алдагдлыг үе шаттайгаар бууруулах, техник, технологийг сайжруулах арга хэмжээг авч хэрэгжүүлэх чиглэлээр олон улсын банк, санхүүгийн байгууллагуудтай хамтран ажиллах.
3.20. Үндэсний хэмжээнд эрчим хүчний хэмнэлтийн үйл ажиллагааг зохицуулах эрх зүйн орчныг бүрдүүлж, хэрэглэгч талын менежментийг хөгжүүлэх зорилтын хүрээнд:
3.20.1. Эрчим хүч хэмнэлтийн тухай хууль, хэмнэлтийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэх, дагалдах журам, норм, нормативын баримт бичгүүдийг боловсруулан гаргаж, үндэсний хэмжээнд хэрэгжилтийг хангах цогц арга хэмжээг авах;
3.20.2. цэцэрлэг, бага, дунд боловсролын байгууллагуудын сургалтын хөтөлбөрт эрчим хүчний хэмнэлтийн ач холбогдол, арга замыг таниулах хичээлийг албан ёсоор тусгаж, сургалтын хөтөлбөрийг тогтмолжуулах;
3.20.3. эрчим хүчний аудит, хүний нөөцийг бэлтгэх, хөгжүүлэх;
3.20.4. эрчим хүчний үр ашгийн үйлчилгээ үзүүлэх хувийн хэвшлийн байгууллагуудын үйл ажиллагааг санхүүгийн бодлогоор дэмжих.
3.21. Эрчим хүчний хэрэглээ тооцох механизмыг бүрэн хэмжүүржүүлэх зорилтын хүрээнд:
3.21.1. айл өрх албан байгууллагын дулаан цахилгааны хэрэглээг 100 хувь хэмжүүрээр тооцдог болох, ухаалаг тоолуурыг үе шаттай нэвтрүүлэх.
Стратегийн зургаадугаар зорилго буюу сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, уламжлалт эрчим хүчний байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах хүрээнд дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:
3.22. Монгол орны сэргээгдэх эрчим хүч (нар, салхи, ус, газрын гүний дулаан, биомасс зэрэг)-ний нөөцийг нарийвчлан тогтоох, мэдээллийн санг бүрдүүлэх, шинэ техник, технологийн судалгаа, шинжилгээ хийх байгууллагыг хөгжүүлэх зорилтын хүрээнд:
3.22.1. Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төвийн хүний нөөц, санхүүгийн чадавхыг бэхжүүлж сэргээгдэх эрчим хүчний нөөцийг нарийвчлан тодорхойлж үндэсний мэдээллийн сан бүрдүүлэх, нөөцийн атлас боловсруулах, үнэлгээ өгөх судалгаа хөгжил, үйлдвэрлэлийн эх суурь болгох;
3.22.2. сэргээгдэх эрчим хүчний нөөцийн байнгын ажиллагаатай автомат хэмжилтийн станц бүхий интернетэд суурилсан нэгдсэн мэдээлэл дамжуулах сүлжээг үе шаттайгаар байгуулах.
3.23. Эрчим хүчний суурилагдсан хүчин чадалд сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувь хэмжээг 2020 онд 20 хувь, 2030 онд 30 хувь хүртэл нэмэгдүүлэх зорилтын хүрээнд:
3.23.1. нарны 60 МВт-ын чадал бүхий эх үүсвэрийг ашиглалтад оруулах;
3.23.2. салхины 100 МВт-ын чадал бүхий эх үүсвэрийг ашиглалтад оруулах;
3.23.3. Ховд гол дээр Эрдэнэбүрэнгийн 60-100 хүртэл МВт-ын усан цахилгаан станц барих ажлыг эхлүүлэх;
3.23.4. том чадлын 100 МВт-ын цэнэг хураагуурыг барьж эрчим хүчний нэгдсэн системд холбох.
3.24. Сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх эрх зүй, татварын таатай орчныг бүрдүүлэх, сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг дэмжих санхүүжилтийн механизмыг бий болгох зорилтын хүрээнд:
3.24.1. сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн импорт, дотоодын үйлдвэрлэлийг бодлогоор дэмжих;
3.24.2. сэргээгдэх эрчим хүчийг урт хугацаанд тогтвортой хөгжүүлэх зорилгоор Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах.
3.25. Айл өрх, аж ахуйн нэгж, алслагдсан суурин, баг, бие даасан хэрэглэгчийн эрчим хүчний хангамжид нар, салхи, биомасс, шингэн болон хийн түлш, газрын гүний дулаан, түлшний элемент, бусад шинэ эх үүсвэрийг ашиглах, илүүдэл эрчим хүчээ сүлжээнд нийлүүлэхийг дэмжих зорилтын хүрээнд:
3.25.1. бага оврын сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр бүхий хэрэглэгчийн үйлдвэрлэсэн цахилгааныг түгээх сүлжээнд нийлүүлэх харилцааг зохицуулах журам боловсруулж хэрэгжүүлэх;
3.25.2. нарны дээвэр дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх;
3.25.3. хувийн орон сууцны цахилгаан, дулаан хангамж, хэрэглээний ус халаалтад, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр, хийн түлш, биохий, газрын гүний дулааныг ашиглах санал, санаачилгыг хөнгөлөлттэй зээл, татварын бодлогоор дэмжих.
3.26. Эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээх үйл ажиллагааны байгаль орчин, экологид үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах зорилтын хүрээнд:
3.26.1. хүлэмжийн хийг бууруулах олон улсын хамтын ажиллагааны механизмыг эрчим хүчний салбарын техник, технологийн шинэчлэлт, сэргээгдэх эрчим хүчний төслийн үйл ажиллагаанд ашиглах, хамтран ажиллах;
3.26.2. эрчим хүчний үйлдвэрлэлээс гарах хаягдлыг хоёрдогч түүхий эд болгон ашиглахыг дэмжих;
3.26.3. эрчим хүчний үйлдвэрлэл, хэрэглээнээс үүдэлтэй хог хаягдал, хорт бодис, зай хураагуурыг цуглуулах, устгах, экспортлох эрх зүйн орчин, тогтолцоог боловсронгуй болгох, дахин боловсруулах үйлдвэр байгуулах боломжийг судлах;
3.26.4. хот суурин газрын агаарын бохирдлыг бууруулах төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх.
3.27. Байгаль орчны нөлөөллийн хяналтыг сайжруулах зорилтын хүрээнд:
3.27.1. эрчим хүчний үйлдвэрлэлээс гарах хаягдлын хэмжээний норм стандартыг олон улсын стандартын хэмжээнд хүргэн өөрчлөх, мөрдүүлэх.
Дөрөв. Хөтөлбөрт тусгагдсан хөрөнгө оруулалтын арга
хэмжээний төсөв, санхүүгийн тооцоолол, эх үүсвэр
4.1. Түлшний хангамжийн төслүүд
Д/д | Төсөл арга хэмжээний нэр | Санхүүжилт* (тэрбум төг) | Эх үүсвэр |
1. | Багануурын уурхайн хүчин чадлын өргөтгөл | 450 | Хувьцаа гаргах, гадаадын урт хугацааны хөнгөлөлттэй зээл |
2. | Шивээ-Овоогийн уурхайн хүчин чадлын өргөтгөл | 287,6 | Хувьцаа гаргах, гадаадын урт хугацааны хөнгөлөлттэй зээл |
*-2018 оны үнээр
4.2. Эх үүсвэрийн төслүүд
Д/д | Төсөл арга хэмжээний нэр | Санхүүжилт* (тэрбум төг) | Эх үүсвэр |
4.2.1. Экспортын зориулалтын эх үүсвэр |
1. | Шивээ-Овоогийн уурхайн өргөтгөл, 5280 МВт-ын ДЦС | 17500 | Гадаадын хөрөнгө оруулалт |
4.2.2. Дотоодын эрчим хүчний хэрэглээний өсөлтийг хангах эх үүсвэр |
4.2.2.1. Одоо байгаа эх үүсвэрүүдийн өргөтгөл, шинэчлэл |
1. | Дарханы ДЦС-ын өргөтгөл, 35 МВт | 67 | Гадаадын урт хугацааны хөнгөлөлттэй зээл |
2. | ДЦС-4-ийн турбингенератор (№1-4)-ийн шинэчлэл, 89 МВт | 233,4 | Гадаад, дотоодын урт хугацааны хөнгөлөлттэй зээл |
3. | Эрдэнэтийн ДЦС-ын өргөтгөл, 35 МВт | 127 | Гадаадын урт хугацааны хөнгөлөлттэй зээл |
4. | Чойбалсангийн ДЦС-ын өргөтгөл, 50 МВт | 160 | Дотоодын хөнгөлөлттэй зээл |
5. | ДЦС-3-ын өндөр даралтын хэсгийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, 75 МВт | 230 | Дотоодын хөнгөлөлттэй зээл |
6. | Амгалангийн ДС-ыг дулаан, цахилгаан хослон үйлдвэрлэх станцаар өргөтгөх, 50 МВт | 120.5 | Дотоодын хөнгөлөлттэй зээл |
7. | ДЦС 3-ын хүчин чадлын өргөтгөл, 250 МВт | 1016 | Гадаадын урт хугацааны хөнгөлөлттэй зээл |
8. | Дулааны 2 дугаар цахилгаан станцын өргөтгөл (1 агрегат нь хийн генератор бүхий), 300 МВт | 723 | Гадаадын урт хугацааны хангөлөлттэй зээл |
4.2.2.2. Шинээр барих уламжлалт эх үүсвэр |
1. | Тавантолгойн ДЦС, | 2500 | Хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт |
2. | Төвийн бүсийн шинэ ДЦС, (Багануур 700 МВт, Бөөрөлжүүт 300 МВт) | 2200 | Төр, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт |
3. | Алтай-Улиастайн Эрчим хүчний системийн ДЦС, 100 МВт | 441 | Төр, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт |
4. | Баруун 5 аймгийн ДЦС, | 300 | Төр, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт |
5. | Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Говьсүмбэр, Дундговь, Завхан, Өвөрхангай, Хэнтий, Сүхбаатар, Төв аймгийн Дулааны станц | 367,5 | Гадаадын урт хугацааны хөнгөлөлттэй зээл |
4.2.2.3. Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр |
1. | Эгийн голын 315 МВт-ын Усан цахилгаан станц | 1987,7 | Гадаадын урт хугацааны хөнгөлөлттэй зээл |
2. | Эрдэнэбүрэнгийн Усан цахилгаан станц | 700 | Гадаадын урт хугацааны хөнгөлөлттэй зээл |
3. | Том чадлын цэнэг хураагуур, 100 МВт | 590,4 | Гадаадын урт хугацааны хөнгөлөлттэй зээл |
4. | Сэргээгдэх эрчим хүчийг дэлгэрүүлэх хөтөлбөр, 30 МВт | 159,8 | Уур амьсгалын хөрөнгө оруулалтын сангийн буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээл |
5. | Нарны ЦС-ын 60 МВт-ын шинэ эх үүсвэр | 120 | Хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт |
6. | Салхины ЦС-ын100 МВт-ын шинэ эх үүсвэр | 482 | Хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт |
*-2018 оны үнээр
4.3. Цахилгаан, дулааны дамжуулах шугамын төслүүд
Д/д | Төсөл арга хэмжээний нэр | Санхүүжилт* (тэрбум төг) | Эх үүсвэр |
1. | Улаанбаатар-Мандалговийн 330 кВ-ын овортой 2 хэлхээт 260 км ЦДАШ, 220 кВ-ын дэд станц | 291 | Гадаадын урт хугацааны хөнгөлөлттэй зээл |
2. | 220/110/35/6 кВ-ын “Чойр” дэд станцын өргөтгөл | 30.0 | Төр, хувийн хэвшлийн түншлэл |
3. | Чойр-Сайншанд-Замын Үүдийн 220 кВ-ын 2 хэлхээт 404 км ЦДАШ, дэд станц | 250 | Гадаадын урт хугацааны хөнгөлөлттэй зээл |
4. | Багануур дэд станцаас Улаанбаатар дэд станц хүртэл 220 кВ-ын 2 хэлхээт 118 км ЦДАШ барих, дэд станцын өргөтгөл | 76.1 | Гадаадын урт хугацааны хөнгөлөлттэй зээл |
5. | Тайширын УЦС-аас Есөнбулаг сум хүртэл 110 кВ-ын ЦДАШ, дэд станц | 11.2 | Улсын төсөв |
6. | Багануур-Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 220 кВ-ын 2 хэлхээт 518 км ЦДАШ барих, 220 кВ-ын дэд станц өргөтгөх, | 270 | Гадаадын урт хугацааны хөнгөлөлттэй зээл |
7. | “Багануур” дэд станцаас “Чойр” хүртэл 220 кВ-ын 2 хэлхээт 178 км ЦДАШ барих, Багануур дэд станцын өргөтгөл | 88 | Гадаадын урт хугацааны хөнгөлөлттэй зээл |
8. | Улиастай-Дөргөн-Мянгадын 220 кВ-ын 2 хэлхээт 380 км ЦДАШ | 240 | Улсын төсөв, гадаад дотоодын хөнгөлөлттэй зээл |
9. | Улаанбаатар-Улиастай хэт өндөр хүчдлийн ЦДАШ-ын судалгаа | 0,5 | Улсын төсөв, гадаад дотоодын зээл, тусламж |
10. | Төвийн бүсийн цахилгаан дамжуулах сүлжээний өргөтгөл шинэчлэлтийн төсөл | 57,1 | Гадаад, дотоодын урт хугацааны хөнгөлөлттэй зээл |
11. | Эрдэнэт-Булган, Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээний алдагдал бууруулах төсөл | 73,5 | Гадаадын урт хугацааны хөнгөлөлттэй зээл |
12. | Улаанбаатар хотын дулаан хангамжийн системийн үр ашгийг дээшлүүлэх төсөл | 36,7 | Гадаадын урт хугацааны хөнгөлөлттэй зээл |
13. | Гэр хорооллын барилгажилттай уялдуулан алслагдсан бүсүүдэд хэсэгчилсэн дулаан хангамжийн систем байгуулах төсөл | 38 | Гадаадын урт хугацааны хөнгөлөлттэй зээл |
14. | Хот, суурин газрын дулааны шугам сүлжээний өргөтгөл шинэчлэл | 20 | Улсын төсөв, ашиглагч байгууллагын хөрөнгө оруулалт, |
15. | Цахилгаан, дулааны дамжуулах түгээх сүлжээний мэдээлэл, хяналтын тоон системийн хүрээг өргөжүүлэх, дэд станцуудын удирдлагыг тоон системд шилжүүлэх | 20 | Ашиглагч байгууллагын хөрөнгө оруулалт, гадаад, дотоодын зээл, тусламж |
*-2018 оны үнээр
Тав. Хөтөлбөрийн хэрэгжилтийг үнэлэх шалгуур үзүүлэлтүүд
5.1 Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх дунд хугацааны хөтөлбөрийн хэрэгжилтийг үнэлэх шалгуур үзүүлэлтийг дараахь байдлаар тогтоож, 2014 оны тоон мэдээллийг суурь болгон авч үзнэ:
Д/д | Шалгуур үзүүлэлт | Шалгуур үзүүлэлтийн тоон хэмжээ |
2014 он (суурь он) | Хөтөлбөрийн үр дүн (2023 он) |
1. | Цахилгаан үйлдвэрлэх суурилагдсан хүчин чадлын нөөц | -10% | 10%-аас багагүй |
2. | Томоохон хотуудын дулааны эх үүсвэрийн чадлын нөөц | 3% | 10%-аас багагүй |
3. | Төвийн бүсийн цахилгааны үнийн бүтцэд ногдох ашгийн хэмжээ | -16,22% | 0% |
4. | Дулааны цахилгаан станцуудын дотоод хэрэгцээ | 14,4% | 11,2% |
5. | Цахилгаан дамжуулалт, түгээлтийн алдагдал (Оюутолгойн импорт ороогүй) | 13,7% | 10,8% |
6. | Дотоод хэрэгцээний нийт суурилагдсан хүчин чадалд сэргээгдэх эрчим хүчний эзлэх хэмжээ | 7,62% | 20% |
7. | 1 Гкал эрчим хүч үйлдвэрлэхэд ялгаруулах хүлэмжийн хийн хэмжээ | 0,52 тонн СО2 эквивалент | 0,49 тонн СО2 эквивалент |
8. | Барилгын дулааны алдагдлыг бууруулах хэмжээ | 0% | 20% |
9. | Эрчим хүчний үйлдвэрлэлд нэвтэрсэн байх технологийн дэвшил | Өндөр даралтат технологи | Саб критикал даралтат технологи, байгалийн хийг ашиглах, их чадлын цэнэг хураагуурын систем, ус хуримтлуурын станц |
Зургаа. Хяналт-шинжилгээ, үнэлгээ
6.1. Эрчим хүчний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага жил бүр Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх дунд хугацааны үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж тайланг Засгийн газарт танилцуулна.
-----о0о-----